40395 дахь зочин!
avatar

ХУУЛИЙН БИЧВЭР ДЭХ ЗАРИМ ХОЛБОХ ҮГИЙН ХЭРЭГЛЭЭ

2021-03-15,18:30

ХУУЛИЙН БИЧВЭР ДЭХ ЗАРИМ ХОЛБОХ ҮГИЙН ХЭРЭГЛЭЭ[*]

(Өгүүлэл)

 

Солтанмуратын Өмирбек
Хууль зүйн магистр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч


Өгүүллийн хураангуй: Энэхүү өгүүлэлд Эрүүгийн хууль, Иргэний хуулийн тодорхой зүйл, заалтууд дахь зарим холбох үгийн алдаатай хэрэглээ болон Монгол Улсын Үндсэн хууль дахь “буюу”-ийн буруу хэрэглээг тус тус жишээ баримттайгаар хэл шинжлэлийн эх сурвалжуудыг үндэс болгон харьцуулан судлахын зэрэгцээ хуулийн хэл найруулгад туслах үгсийн зөв зохист хэрэглээг анхаарч, хууль зүйн оновчтой техник, аргыг бий болгох, шүүхийн хэл шинжлэлийг хөгжүүлэх талаар авч үзнэ.

Түлхүүр үг: Use of some conjunction in legal texts

 

Удиртгал


Хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн бичвэр, үг хэллэг нь монгол хэл бичгийн дүрэмд нийцсэн, товч тодорхой, салаа утгагүй, ойлгоход хялбар байх ёстой. Тиймээс “The World Justice project”[2]-ээс улс орнуудын эрх зүйт ёс (Rule of Law)-ны индексийг гаргахдаа тухайн улсын хууль тогтоомж “тодорхой, нэгдсэн байх”, “олон нийтэд ойлгомжтой байх” [3] зэргийг шалгуур болгожээ. Энэ талаар манай улсын хууль тогтоомжуудад, тухайлбал Хууль тогтоомжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой зохицуулсан боловч процессын бусад хуульд тусгаагүй байна.
Хууль тогтоомж “тодорхой, нэгдсэн байх” гэдгийг Монгол Улсын төрийн албан ёсны хэл[4] монгол хэлээр нийтлэгдсэн байхыг ойлгоно. Төрийн албан хэрэг хөтлөлт монгол хэлээр явагдаж, бүх хууль тогтоомж тус хэлээр боловсруулагдан батлагдаж, албан ёсоор нийтлэгддэг[5]. Эдгээр хуулийг зөв хэрэглэх, хэрэгжүүлэхийн тулд зөв уншиж ойлгох монгол хэлний мэдлэг, боловсрол нэн чухал. Монгол хэл, бичгийг сайн эзэмшээгүй хуульч уул хэл дээр хууль тогтоомжийн бичвэрийг зөв уншиж, ойлгож, агуулга, үзэл санаанд нь нийцүүлэн тайлбарлаж хэрэглэх нь мэдээж эргэлзээтэй. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад “монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай байх”-ыг шүүгчид тавигдах болзол, шаардлагын нэг болгож хуульчилсан бөгөөд хэл бичгийн энэхүү шалгуурыг нийт хуульчид хангаж байх нь зүйтэй юм. 
Хууль тайлбарлах олон арга, онол байдгийн нэг нь хуулийг хэл зүй, үгийн сан, өгүүлбэр зүйн зориулалт, үүрэг, хэрэглээ, гарал үүсэл талаас нь тайлбарлан хэрэглэх арга юм. Энэ арга тухайн хэлний онцлог, уг гарал, үүсэл, бүтэц, хэрэглээ, түүхэн уламжлалтай нягт холбоотой учраас бусад хууль тайлбарлах аргаас онцлогтой, хуульчдын наад захын эзэмшвэл зохих аргуудын нэг. Хуулийг хэл зүйн үүднээс тайлбарлах аргад суралцахад хэл шинжлэлийн зарим анхан шатны судлагдахууныг танин мэдэх, судлах шаардлагатай. Үүний тул бид энэхүү өгүүлэлд хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийн бичвэрт /цаашид “хуулийн бичвэр” гэх/ түгээмэл хэрэглэдэг холбох үгсийг хэрхэн зөв ойлгож, тайлбарлан хэрэглэх талаар авч үзнэ. Монгол хэлний холбох үгс бол хэл шинжлэлийн судлагдахуун төдийгүй хууль зүйн шинжлэх ухаанд хуулийн эх бичвэрийг зөв, оновчтой найруулан боловсруулах хууль зүйн техник, арга зүйн чухал бүрэлдэхүүн юм.
Холбох үгсийн хэрэглээг судлах үндсэн хоёр шаардлага тавигдаж байна. Үүнд: Нэгдүгээрт, холбох үгсийг хуулийн бичвэрт хэл зүй, утгын хувьд зөв хэрэглэж байна уу, хоёрдугаарт, хуулийн бичвэрт түгээмэл хэрэглэдэг холбох үгсийг жинхэнэ агуулга, мөн чанар, үүрэг зориулалтаар нь зөв тайлбарлаж байна уу гэдгийг авч үзэхийн тулд хэл шинжлэлийн эх сурвалжуудыг хуулийн  бичвэртэй харьцуулан судлах шаардлагатай байна. Бид хуулийн бичвэрт түгээмэл тохиолддог холбох үгийн хэрэглээг Үндсэн хууль, Иргэний хууль, 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль гэсэн дөрвөн хуулийн хүрээнд авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

Хуулийн нэр

Ба

Бөгөөд

Буюу

Эсхүл

Болон

Харин

Түүнчлэн

Үндсэн хууль

8

19

24

8

27

0

10

Иргэний хуульд

1

234

627

227

256

24

37

2002 оны Эрүүгийн хууль

13

16

363

378

169

1

77

2015 оны Эрүүгийн хууль

17

1

0

657

19

0

1


Эдгээр холбох үгсийн утгыг зөв ойлгож хэрэглэх нь хуулийг түүний агуулга, үзэл баримтлалд нийцүүлэн тайлбарлахад нөлөөтэй. Хэд хэдэн холбох үгс орсон, хавсарсан нийлмэл өгүүлбэртэй хуулийн бичвэрийг тайлбарлахаас өмнө түүнд хэрэглэсэн холбох үгсийн утга агуулга, зориулалт, үүрэг, хэрэглэгдэж буй учир шалтгаан (логик), найруулга зүйн нарийн зүй тогтол зэргийг сайтар танин мэдэж, судлах шаардлагатай. Олон холбох үг орсон хуулийн заалтыг ойлгоход бэрх, ээдрээтэй болж, салаа утгаар тайлбарлагдан, буруу хэрэглэснээс эцэст нь практикт хуульчдын дунд багагүй маргаан үүсдэг. Мөн албан хэрэг хөтлөлтийн найруулга зүйд холбох үгсийн хэрэглээ онцгой үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт нэг талаас “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хууль зүйн шаардлага тавигдахаас гадна нөгөө талаас монгол хэл бичгийн дүрэмд нийцсэн, хоёрдмол утгагүй, товч тодорхой, ойлгоход хялбар байх найруулга зүйн шаардлага зүй ёсоор тавигдана. Тухайлбал, шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр, шийдэл гарсан ч уг шийдвэрийн үндэслэл нь найруулга зүйн хувьд алдаатай, ойлгомжгүй, тодорхойгүй, салаа утгатай байвал хэргийн оролцогчид “шүүхэд гомдох”, хэргийг дээд шатны шүүхээр хянуулах нэгэн нөхцөл бүрддэг.
Иймд орчин цагийн монгол хэлний холбох үгсийг хэлний талаас нь судалж, танин мэдэх, хуулийн эх бичвэрт жинхэнэ утга, үүрэг, зориулалтын дагуу хэрэглэх нь найруулга зүйн алдаагүй, хоёрдмол утгагүй бичиг баримт боловсруулах чухал ач холбогдолтой болно.

 

1. Монгол хэлний үг, өгүүлбэр холбох ёс


Үг, өгүүлбэр холбох ёс нь хэл шинжлэл дэх өгүүлбэр зүйн үндсэн асуудлуудын нэг[6] юм. Хэл шинжлэлийн судалгааны бүтээлүүдэд үг, өгүүлбэр холбох ёсыг тухайн салбар шинжлэх ухааны уламжлалт судлагдахуун болохыг дурдаж, явцуу болон өргөн утгаар нь тодорхойлжээ. “Үг холбох ёс”-ыг үг болон өгүүлбэрийн бүрдэл хэсгүүдийн хоорондын холбоог үгсийн аймгаар илрүүлэн, тэдгээрийн хоорондох олон янз харьцааны утгыг хэл зүйн арга, хэрэглүүрээр илтгэн илрүүлж, хэрэглээнд оруулахыг[7] гэж явцуу утгаар нь, холбоо үг, өгүүлбэрийн дотор үг, нөхцөл хоёрыг холбох хэлхэх, гол ба дэд гишүүдийг холбох, энгийн өгүүлбэрийн хоёр бүрдүүлбэрийг холбох, улмаар нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийг холбох, эхийн доторх цогцолбор, бага, их мөчлөгүүдийг холбох зэрэг өргөн утгаар нь тус тус тодорхойлсон байна.[8] Үг холбох ёсны эл тодорхойлолтоос үзвэл, монгол хэлний үг, өгүүлбэр холбох ёс нь цөөн хэдэн холбох үгээр хязгаарлагддаггүй, өргөн хүрээтэй, хэл шинжлэлийн томоохон судлагдахуун мөн гэдгийг танин мэдэх нь чухал юм.
Монгол хэлний өгүүлбэр зүйн холбох тогтолцоо нь үг холбох ёс, өгүүлбэр холбох ёс гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үг холбох ёс нь үгийг зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох хоёр аргатай. Үгийг зэрэгцүүлэн холбох арга нь үгсийг чөлөөтэй зэрэгцүүлж холбох, харилцан зэрэгцүүлж холбох хэлбэрээс бүрэлдэх ба эдгээр нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдэд болон өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн хоёрт суурилагддаг.[9] Өгүүлбэр холбох ёс нь өгүүлбэрийг зэрэгцүүлж холбох, угсруулж холбох гэсэн хоёр аргатай ба зэрэгцүүлж холбох аргыг энгийн зэрэгцүүлэн холбох, харилцан зэрэгцүүлэн холбох гэж ангилдаг. Угсруулж холбох арга нь угсруулан найруулж холбох, угсруулан хамжуулж холбох гэсэн ангилалтай байна.[10]
Монгол хэлний үг холбох ёс, өгүүлбэр зүйн асуудлаар тухайн салбар шинжлэх ухаанд багагүй судалгаа хийгдэж, олон бүтээлүүд хэвлэгджээ.[11] Эдгээр судалгаа нь хууль зүйн хэл шинжлэлийн үндэс суурь болж, уг салбар судлагдахууны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Харин эдгээр судлагдахууныг, тодруулбал үг холбох ёс, өгүүлбэр зүйн асуудлыг хууль зүйн хэл шинжлэл талаас нь, хууль зүйн шинжлэх ухаантай уялдуулан судалсан бүтээл, эх сурвалж нэн ховор бөгөөд үүнийг хууль зүйн бичвэрийн техниктэй холбон судлах шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
Үг, өгүүлбэр холбох ёс гэж хэлшинжлэлд юуг ойлгодог вэ? гэдэг асуултад доктор, профессор С.Галсан “Үгсийг хооронд нь шавардаж, шохойдож, цонх, хаалга гаргаж өгдөг тэр зүйлийг хэл зүйн холбоос гэдэг” хэмээн[12] энгийнээр хариулсан байна. Үгсийн цуглуулга өгүүлбэр болж, дан ганц өгүүлбэр нь утга санааг бүрэн илэрхийлж чадахгүй. Үгс, өгүүлбэрүүд харилцан холбогдож байж, бодит үр дүн бүхий хэрэгцээг бүтээх юм. Иймээс хууль зүйн хэлний холбоос бүтээх буюу хууль зүйн нэр томьёо, үг хэллэгийг хооронд нь зөв холбох арга техникийг бий болгохын тулд хууль зүйн монгол хэлний үг холбох дүрэм буюу хууль зүйн техникийг тодорхой болгох, хууль тогтоомжийн  төслийн эх бичвэрийг бүтээх, шүүхийн шийдвэр боловсруулах техник, арга журмыг хэл шинжлэл талаас нь нэгэн мөр болгох шаардлагатай. Хууль зүйн техникийн асуудалд хууль цаазын олон эрдэмтэн анхаарлаа хандуулж, түүний ойлголт, зарчим хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарч ирсэн боловч энэ талаар нэгдсэн нэг төсөөлөлд хүрээгүй байна.[13]
Хэл бичгийн ухааны доктор Н.Мөнхцэцэгийн 2014 онд туурвисан “Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ” сэдэвт докторын зэрэг хамгаалсан бүтээлд монгол хэлний туслах үгсийг нарийвчлан судалсан нь өдгөө дээрх сэдвийн хүрээнд дагнасан, хамгийн хэрэгцээтэй, ач холбогдолтой судалгаануудын нэг болоод байна. Уг бүтээлд монгол хэлний гол үгс, туслах үгсийн харьцаа, холбооны талаар “Туслах үгс, ялангуяа холбох үгс нь эхийн хэсгүүд болон өгүүлбэрийн гишүүдийг хооронд нь холбон юмс үзэгдэл, үйл байдлын шалтгаан, үр дүн, шийдэл, дүгнэлт, сэлгээ, үгүйсгэл, харьцуулалт, нэмэлт, ерөнхийлөл, нөхцөл, зөвшилцөл, хязгаарлалт, тооцоолол зэрэг уялдаа холбоог илэрхийлдэг. Холбох үгийн энэ харьцааны утгыг ажиглахад гүн ухааны түгээмэл үзэл ойлголтуудтай холбон тайлбарлаж болохоор байна[14] гэжээ.
Тэрээр уг бүтээлдээ “Орчин цагийн монгол хэлний баримтаас ажиглахад холбох үгс нь ертөнцийн аливаа юмс үзэгдэл, үйл хоорондын харилцан хамаарлыг илэрхийлэх нэгэн хэрэгсэл болдог байна. Үүнээс үүдэн туслах үгийн харилцааны утгыг өрнийн гүн ухааны диалектикийн хууль, дорнын гүн ухааны арга билгийн судалгааны үзэл онол болох шалтгаан үрийн холбоо, эсрэг тэсрэг нэгдэл тэмцлийн хууль, ерөнхий ба тусгайн онол зэрэгтэй холбон тайлбарлаж болохоор байна.” [15] гэж дүгнээд, монгол хэлний гол үгс нь өгүүлбэрийн бүрэлдэхүүнд дангаараа орж, утга санааг бүрэн илэрхийлэхгүй, харин туслах үгс болох баймж, холбох үгсийн тусламжтайгаар диалектик шинжийг илэрхийлэх ба туслах үгс нь гол үгсийг хүмүүсийн харилцааны хэрэгцээг бүтээн  эргэлтэд оруулах “хөдөлгөгч хүч” болдог талаар тэмдэглэжээ. Түүнчлэн уг бүтээлдээ туслах үгийн хэрэглээг авч үзэхдээ, найруулгын төрөл бүрээр бичвэрийн сан үүсгэн тэдгээрээс албан бичгийн найруулгад 55, сонин нийтлэлийн найруулгад 165, эрдэм шинжилгээний найруулгад 113, уран зохиолын найруулгад 183 туслах үгсийг /давхардсан тоогоор/ тус тус тооцоолон гаргасан байна.
Доктор Н.Мөнхцэцэг гол үгс, туслах /баймж болон холбох/ үгсийн утгыг гүн ухааны ойлголттой холбон шалтгаан үрийн холбоо, зэрэгцсэн хийгээд эсрэгцсэн харьцаа, ерөнхий ба тусгай харьцаа, нэмэлт ба ахисан, зорилгын харьцааг илэрхийлэх утгыг нь тус тус, тодорхой жишээн дээр тайлбарлан ангилж[16], туслах үгсийн логик шинжийг тодорхой томьёоллоор илэрхийлсэн нь цаашид хууль тогтоомжийг бүтээх, шүүхийн шийдвэр боловсруулах ажилд, хууль зүйн оновчтой техник бүрдүүлэх, холбох үгсийн хэрэглээг жигдлэх, хууль зүйн утгыг нь нэг мөр болгоход чухал ач холбогдолтойг зориуд тэмдэглэе.
           

2. Зарим холбох үгийн утга, үүрэг, хэрэглээ


Өгүүлбэрийн гишүүд болон хэд хэдэн өгүүлбэрүүдийг хооронд нь холбох, ялгах (салгах) үүрэгтэй[17] “ба”, “бөгөөд”, “буюу”, “харин”, “хэрэв”, “өөрөөр хэлбэл”, “эсвэл”, “эсхүл”, “нэг бол”, “гэтэл”, “гэвч”, “иймээс”, “бас”, “түүнчлэн”, “төлөө”, “тул”, “талаар”, “тухай”, “турш”, “шиг”, “мэт”, “барахгүй”, “байтугай”, “учир”, “улмаас”, “гадна” гэх мэт үгсийг холбох үгс гэнэ. Хуулийн бичвэрт өргөн хэрэглэдэг “ба”, “эсвэл”, “эсхүл”, “буюу”, “бөгөөд, болоод, хийгээд, болон” зэрэг холбох үгсийн агуулга, утга, зориулалт, үүргийг хэл шинжлэлийн эх сурвалжуудыг үндэс болгож, зарим хуулийн бичвэрт хэрэглэсэн байдлыг нь харьцуулж энэхүү өгүүлэлд тайлбарлана.
“Ба” холбох үгийн утга: Орчин цагийн монгол хэлний “ба” хэмээх холбох үгийг олон эрдэмтэн үүрэг, найруулгын талаас судлан тодорхойлсоор иржээ. Тухайлбал, Ж.Бадраа “Дөрвөн ба минийх биш”, А.Лувсандэндэв “Ба-гийн учир” гэх мэт тусгайлан бичсэн өгүүллээс гадна Б.Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Ц.Отгонсүрэн гэх мэт эрдэмтдийн бүтээлд тусгалаа олсон байна.[18]
“Ба” нь монгол хэлний зэрэгцүүлэн холбох үндсэн үг юм. Энэ холбох үгээр үгс, өгүүлбэрийн гишүүн, өгүүлбэрүүдийг холбохдоо зэрэгцүүлсэн, хоёр эгнээ бүхий битүү холбоо үүсэх ба хэлний айн талаасаа нэр үгийг нэр үгтэй, нэр үгийг үйл үгтэй, үйл үгийг үйл үгтэй, үйл үгийг нэр үгтэй зэрэгцүүлэн холбодог. Энэ тохиолдолд хоёр юмс, үзэгдлийг тоочих, тодорхойлох, салгаж тавих, “хоёр” гэдэг утгыг “тухайлж” гаргах, зэрэгцүүлэн тавих зэрэг утга, үүрэгтэй.[19] “Ба”-г хар ярианы хэрэглээнд төдийлөн ашигладаггүйгээс гадна “хоёр” хэмээх тооны үгээр зэрэгцүүлэн холбох тохиолдолд хэрэглэдэггүй.
 Монгол Улсын Үндсэн хуульд “ба” холбох үгийг 8 удаа хэрэглэжээ. Тухайлбал, Зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.” гэсэн хуулийн өгүүлбэрийг (1) Бэлчээр, нийтийн эдэлбэрийнхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно, (2) Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж задалж болно. Тэгэхээр “бэлчээр, нийтийн эдэлбэрийнхээс бусад газар”, “улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газар” гэсэн хоёр тусгагдахуун буюу өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг “ба” холбох үгийн тусламжтай, хэлний хэмнэлтийн зарчмаар нэгэн дэлгэрэнгүй өгүүлбэрт багтааж, тус тусдаа боловч чанар, үйлчлэлийн хувьд ижилхэн түвшинд зэрэгцүүлсэн байна. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсгийн “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэсэн өгүүлбэрээс харвал, хувийн нууц, гэр бүл, захидал харилцааны нууц зэрэг нь ижилхэн түвшинд Үндсэн хуулийн хамгаалалтад байна. Нөгөөтээгүүр, энэ өгүүлбэрт хувийн, гэр бүлийн, захидал харилцааны зэрэг өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглан салгасан буюу аль аль нь гэсэн утгаар хэрэглэжээ. Үүнээс дүгнэвэл, “ба”-аар холбогдсон утга агуулга, ойлголтууд нь ижилхэн түвшний, аль нэг нь нөгөөгөөсөө чухал биш, эрэмбэд ордоггүй, зэрэгцсэн буюу тэгш “эрхтэй” гэж тодорхойлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, уг холбох үг нь холбож буй утга, агуулга, ойлголтуудын аль нэгийг тусгайлан, онцгойлон авч үздэггүй, бас чухалчилдаггүй, зэрэгцсэн буюу “тэгш” холбодог гэж томьёолж болох юм.
Хуулийн бичвэрт хэдийгээр “ба”-г ойлгомжтой, хоёрдмол утгагүйгээр хэрэглэдэг боловч “ба”, “эсхүл” болон “таслал”-ын харилцан хамаарлыг хууль зүйн техникийн хувьд тодорхой, нэг мөр болгоогүйгээс хуульчдын дунд хууль хэрэглээний маргаан тасардаггүй. Өөрөөр хэлбэл, албан бичгийн найруулга зүйд таслал ихэвчлэн зэрэгцүүлэн холбох үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүгээр холбогдсон өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийн аль нь илүү чухал, эсхүл алийг нь авч хэрэглэх тухай маргаан үүсдэг. Энэ тохиолдолд “ба”-ийн утга, үүрэгтэй таслалын мөн чанар хэрхэн холбогдохыг өгүүлбэрийн утга, илэрхийллээс нарийвчлан ажиглах нь чухал бөгөөд таслал нь заримдаа зүгээр л “зогсоц”-ын үүргээ гүйцэтгэж байдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.” гэж заасны “хууль зүй” гэдгийн дараах таслал нь хуульч, улс төрчдийн дунд ихээхэн маргаан үүсгэсэн юм. Үүнд, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дан ганц хууль зүйн, эсхүл улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилох, эсвэл хууль зүйн ба улс төрийн хавсарсан мэргэшилтэй хүнийг томилох эсэх талаар талцаж мэтгэлцсэн юм. Тодруулбал, хуулийн дээрх бичвэр “цэцийн гишүүнээр хууль зүй, эсхүл улс төрийн өндөр мэргэшилтэй ... иргэнийг томилно.” гэж, эсвэл “цэцийн гишүүнээр хууль зүй ба улс төрийн өндөр мэргэшилтэй ... иргэнийг томилно.” гэж ойлгогдох эсэх нь хуульчдын дунд эргэлзээ төрүүлсэн бөгөөд энэ тохиолдолд уг бичвэр дэх “хууль зүй” гэдгийн дараах таслалыг өгүүлбэрийн гишүүдийг зааглах, тоочих буюу зэрэгцүүлэн холбох үүрэгтэй оролцсон байдлыг нь харгалзаж “ба” холбох үгтэй ижилхэн үүрэг гүйцэтгэсэн байна гэж ойлгоно. Учир нь, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг шалгуур болгож, төрөөс иргэдийн үндсэн эрхийг хөндсөн шийдвэрүүдтэй холбоотой маргаанаас гадна төрийн өндөр албан тушаалтнууд болон институт хоорондын “улс төрийн шинжтэй” маргааныг шийдвэрлэдэг Үндсэн хуулийн шүүх тул түүнд томилогдох цэцийн гишүүнд хууль зүйн өндөр мэргэшилтэй байхаас гадна улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлага давхар тавигдах учраас хуулийн дээрх бичвэрт хууль зүй болон улс төрийн мэргэшлүүдийн аль нэгийг илүү чухалчлаагүй, аль нэгийг нь сонгож авахаар томьёолоогүй, таслалаар холбогдсон өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдэд тэгш хандсан буюу цэцийн гишүүн нь аль аль шаардлагыг нь хамтад нь хангасан байхаар хуульчилсан байна.
Зарим тохиолдолд “ба”, “эсхүл” холбох үгсийг зохистой хэрэглэхийн оронд таслал хэрэглэснээс хууль зүйн бичвэрт салаа утгатай, ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсдэг. Жишээ нь, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл дэх хууль тогтоогчийн тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.” гэжээ. Гэтэл (1) найман бог дээр хоёр бод нэмэгдэхээс гадна түүнээс дээш тооны малыг олон тооны мал гэж ойлгох, эсвэл (2) найман бодоос дээш тооны малыг, хоёр бодоос дээш тооны малыг тус тус олон тооны мал гэж ойлгох эсэх, түүнчлэн (3) найман бод ба түүнээс дээш тооны малыг, эсхүл хоёр бод ба түүнээс дээш тооны малыг олон тооны мал гэж ойлгох эсэх нь эргэлзээтэй, хуулийн уг бичвэрийг тодорхой, нэгэн мөр бичигдсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Тодруулбал, уг хуулийн бичвэрт таслал болон ба, эсхүл гэх холбох үгсийг зохистой хэрэглээгүй бөгөөд зүй нь, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг үндэс болгож “найман бог ба түүнээс дээш тооны малыг, эсхүл хоёр бод ба түүнээс дээш тооны малыг олон тооны мал гэж ойлгоно” хэмээн томьёолох байжээ.[20] 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолд “олон тооны мал гэдэгт 8 бод, эсхүл 25 бог, түүнээс дээш тооны малыг ойлгоно.” гэж “эсхүл” холбох үгийг оновчтой хэрэглэсэн байна.

“Эсхүл, эсвэл” холбох үгийн утга: “Эсвэл” холбох үгийг хуулийн бичвэрт хэрэглэдэггүй. Харин “эсхүл”-ийг түгээмэл хэрэглэдэг. Хэл зүйн ном, сурах бичгүүдэд хуулийн бичвэрт “эсвэл”-ийг хэрэглэхгүй байх тодорхой шалтгааныг тодорхойлоогүй байна. Харин хэл судлаачдын үзэж байгаагаар монгол хэлний “-хул, хүл” нөхцөлийн хэрэглээ багасаж, орчин цагийн “-вал, -бэл” нөхцөлүүд хэрэглээнд нэвтэрснээс “эсхүл” зөвхөн бичгийн хэлэнд үлджээ.[21] “Явахул, ирэхүл, эсхүл” гэсэн үгсийг одоо ярианы хэллэгт бараг хэрэглэдэггүй. Бидний үзэж байгаагаар “эсхүл” нь дуудлагын хувьд, үгийн айн талаасаа албан ёсны хандлагыг илэрхийлдэг учраас хууль зүйн бичвэрт өргөн хэрэглэдэг болов уу.
“Эсхүл”, “эсвэл” нь зориулалт, өгүүлбэр зүйд гүйцэтгэх үүргийн хувьд ялгаагүй. Албан хэрэг хөтлөлтөд ихэвчлэн “эсхүл”-ийг хэрэглэсэн тохиолдол ажиглагддаг бол түүний “эсвэл”, “юм уу”, “нэг бол”, “үгүй бол” гэх мэт хувилбаруудыг сонин сэтгүүл, нийтлэл, өгүүллэг, уран зохиолын бичвэрүүдэд түгээмэл хэрэглэдэг. “Эсхүл” нь болзол тавьж, сонгон холбох утга, үүрэгтэй[22]. Үүгээр өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг ч, хэд хэдэн өгүүлбэрийг ч хооронд нь холбож болно. “Эсхүл”-ийн утгыг судлаачид “эсрэгцүүлэн холбох”, “сонгон холбох” гэж өөр өөрөөр тайлбарласан байна. “Эсхүл”-ийн холбож буй утга агуулга нь хоорондоо эсрэг, эсвэл тэс өөр утгатай, ихэвчлэн бие биеэ үгүйсгэдэг ч, үгүйсгэдэггүй тохиолдлууд ч байж болно. Тиймээс “эсхүл”-ээр холбосноор нэг холбоос нь нөгөөгөө үгүйсгэж, эсрэгцүүлсэн эсэх нь чухал биш, харин “эсхүл”-ээр холбогдсон зүйлийн аль нэгийг л сонгон хэрэглэх асуудал хууль зүйн техникт чухал бөгөөд үүнийг хуулийн бичвэрт жигдлэх шаардлагатай.
“Эсхүл”-ийн эсрэгцүүлэн холбох, сонгон холбох хоёр агуулгын  аль алийг нь үгүйсгэдэггүй талаар хэл судлаач Б.Пүрэв-Очир өөрийн бүтээлдээ бас тэмдэглэжээ. Монгол хэлний эсвэл гэдэг холбох үг нь өөрөө нийлмэл бүтэцтэй бөгөөд “-вэл (-хүл)” нь болзон сонгох утгыг заадаг дохио, “эс” нь үгүйсгэх буюу “эс сонгох” нэмэлт утгыг заадаг дохио гэж судлаач тайлбарласан.[23] Эсхүл-ээр холбогдож буй хоёр утга, агуулгын нэгийг нь болзон сонгоод, нөгөөг нь сонгохгүй байх тийм дагалт, нэмэлт утгыг илэрхийлдэг логик зүй тогтолтой[24] аж.
Эсвэл-ийн утгыг зарим судлаач “эсрэгцүүлэх” гэж, зарим нь “сонгох” гэж хоёр өөр байдлаар томьёолсон бөгөөд доктор Н.Мөнхцэцэгийн үзэж байгаагаар, түүнийг үүргийн хувьд зэрэгцүүлэн холбох үгэнд оруулах талаар санал нийлж, харин утгыг нь хоёр хэллэгийн “аль нэгийг болзон сонгох” утгатай гэж үзжээ. Учир нь “эсвэл" холбох үгээр холбогдсон зэрэгцэл нь логикийн хувьд хоёр хэллэг болон задардаг, хоёр юм, хэрэг явдлын нэгийг болзон сонгоод, нөгөөг нь эс сонгох (үгүйсгэх) тийм дагалт, нэмэлт утгыг илтгэдэг зүй тогтолтой байна. Монгол хэлний “эсвэл” нь “юм уу” гэсэн солин найруулах боломж, хувилбартай аман болон бичгийн утга зохиолын хэлний найруулгад “эсвэл”, “юм уу”, “юм уу эсвэл” гэсэн гурван хувилбарын аль алийг нь идэвхтэй хэрэглэдэг. Монгол хэлний “эсвэл”, “юм уу, эсвэл" гэдэг холбох үг нь зэрэгцсэн гишүүд, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, зэрэгцсэн цогцолборын хэсгийг дундаас нь, эсвэл гаднаас нь холбон, болзон сонгож, хоёр юм, үйл хэрэг явдлын аль нэгийг гэх утга гаргадаг нэг талаар, гадаад, нөгөө талаар дотоод холбоосны шинжтэй, монгол хэлэнд “эсвэл”-ийг заримдаа ахиулах утгатайгаар хэрэглэсэн тохиолдол ч байна[25] гэжээ.
Энэхүү холбох үгийг Монгол Улсын Үндсэн хуульд 8 удаа хэрэглэжээ. Зарим тохиолдолд “буюу” холбох үгтэй зэрэгцэж оршсоноор ихээхэн онцлогтой холбох тогтолцоог бий болгосон байна. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалтад “энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох” нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх байхаар хуульчилжээ. Хуулийн энэ өгүүлбэрийг Улсын Их Хурал нь (1) онц болон дайны байдал зарлах эрхтэй, (2) энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох эрхтэй гэж задалж болно.
Үндсэн хуулийн дээрх заалтын “эсхүл”, “буюу” холбох үгсийг утгын хувьд оновчтой хэрэглээгүй байна. Харин  дээрх заалтыг “энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт эсхүл зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах буюу энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх мөн.” гэж холбох үгсийн байрыг сольсон тохиолдолд тухайн өгүүлбэр сая зөв найруулгатай болж байна. Хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, шинэчлэн найруулах хэрээр “ба”, “эсхүл” холбох үгсийн хэрэглээ нэмэгдэж байгааг уг өгүүллийн удиртгал хэсэг дэх тоон судалгаанаас ажиглаж болох бөгөөд тухайлбал, эсхүл холбох үгийн хэрэглээ 2002 оны Эрүүгийн хуулиас 2015 оны Эрүүгийн хуульд ойролцоогоор хоёр дахин их байна. 

“Буюу” холбох үгийн утга, хэрэглээ: Хууль зүйн бичвэрт “буюу”-г “эсхүл” холбох үгтэй хамтатган хэрэглэсэн тохиолдолд зэрэгцүүлэн болон эсрэгцүүлэн холбох утга агуулгын аль нь болохыг ялгахад бэрхшээл учирдаг. “Буюу”-гийн зориулалт “эсхүл”-тэй харьцуулахад эсрэг агуулгатай. “Эсхүл”-ийг хэрэглэсэн тохиолдолд холбогдож буй хоёр зүйлийн аль нэгийг сонгож хэрэглэдэг бол “буюу”-гаар холбогдож буй зүйлсийн аль алийг нь сонгон хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, “буюу”-гаар холбогдсон утга, агуулга санаа харилцан бие биеэ тодотгож, дэмжиж байдаг. Энэ талаар хэл шинжлэлийн сурах бичигт “буюу”-ийн хоёр талын элемент нь ижил утгатай байх, ижил хэлбэртэй байх, адил тэнцүү чанартай мэдээллийг агуулсан байх, тэр ч байтугай ижил аймгийн шинжтэй байх, тодосгогч-тодосгуулагч хоёр байх зэрэг шинжүүдтэй.[26] 
Монгол Улсын Үндсэн хуульд “буюу” холбох үгийг 24 удаа хэрэглэсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө “буюу эсхүл” гэсэн тохиолдол 2 удаа орсон байсан. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. ... Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн томьёололтой байсан бол 2019 онд Үндсэн хуулийн дээрх бичвэрийг мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд задлан, “буюу эсхүл”-ээр холбосон хавсарсан нийлмэл өгүүлбэрүүдийг тус тусад засаж найруулан “буюу эсхүл”-ийг хэрэглээгүй байна.
Буюу холбох үг нь нэгдүгээрт, нэг ижил юмыг зааж, нэг нь нөгөөг тодосгох, хоёрдугаарт өгүүлбэрийн доторх нэгэн төрлийн гишүүдийг нэгнээс нь ялган салгаж тодорхой болгох, сонгон холбох үүрэгтэй. Эрдэмтэн Б.Пүрэв-Очир “буюу” холбох үгийн талаар Монгол хэлний “буюу” бол үгийг үгтэй нь, нэг гишүүнийг нөгөө гишүүнтэй нь хооронд нь холбох үндсэн үүрэгтэй, зэрэгцүүлэх холбох системд хэрэглэдэг, үйл үгийн хэлбэрээс үүсэлтэй үүсмэл холбох үг хэмээн тодорхойлоод, “буюу”-гаар холбож байгаа байдал, түүний өгүүлбэр зүйг хэлний баримт дээр ажиглавал, нэг нь нөгөөг тодосгогч үүрэгтэй, нэг ижил юмыг заасан, өвөрмөц давталт, давхар гишүүний шинжтэй хоёр үгийг дундаас нь холбож, хэлэхүйд онцолсон, ялгасан, чухалчилсан хийсвэр утгыг үзүүлэх нь гол үүрэг нь бололтой гэжээ.
Монгол хэлний “буюу”, “өөрөөр хэлбэл” зэрэг холбох үгийн хоёр талын гишүүд нь гол төлөв нэг юмыг, ижил үүрэгтэй тодосгуулагч, тодосгогч хоёрыг заасан, нэг ёсны давтсан, давхар гишүүний маягтай байдаг. Гэтэл энэ ёсыг эс ойлгосноос “буюу”, “өөрөөр хэлбэл” холбоосыг буруу хэрэглэсэн, солин найруулахдаа боломжийг мэдээгүй, эсвэл, эсхүл гэдэг сонгох утга заадаг нөхцөлдүүлэх холбох үгтэй хутгасан хэл зүйн найруулгын алдаа олонтоо гардаг тухай доктор Н.Мөнхцэцэгийн дүгнэлт хууль зүйн бичвэр дэх найруулга зүйд ч хамааралтай байна. Математик логикт “буюу” холбоосыг “адил чанартай байх (эквивалент)”-ын тэмдэг холбоос гэж үзсэнийг анзаарч мэдээгүйгээс найруулгын алдаа олонтоо гардаг байна.[27]
Үүнтэй нэгэн адил, Монгол Улсын Үндсэн хуульд “буюу” холбох үгийг хэрэглэсэн 24 тохиолдлын ихэнхэд  нь, тухайлбал “солих буюу эргүүлэн авах”, “баталсан буюу нэгдэн орсон”, “түр буюу байнга оршин суух”, “нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг”, “учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг”, “дангаараа буюу хамтран”, “томилох буюу эгүүлэн татах”, “бүх нийтийн буюу хэсэгчилсэн”, “батлах буюу хүчингүй болгох”, “Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их хурал хүчингүй болгоно”, “Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”, “хүсэлтээр нь буюу хуульд зааснаар”, “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга”, “нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно”, “Үндсэн хуулийн цэц өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр” зэрэг тохиолдлуудад буюу холбох үгийг “эсхүл”-ийн оронд буруу хэрэглэсэн байна.

“Бөгөөд, болоод, хийгээд, болон” холбох үгсийн утга: Эдгээр нь хоорондоо ижил утга, агуулгатай тул бие биеэ орлох, найруулах боломжтой. “Бөгөөд” холбох үгийг болоод, хийгээд-тэй сольж, оруулах боломжтой боловч “болон” холбох үгтэй солих боломжгүй. “Бөгөөд” нь ихэвчлэн өгүүлбэрүүдийг зэрэгцүүлэн холбодог бол “болон” холбох үгээр өгүүлбэрийн гишүүдийг холбодог нь ажиглагддаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.” гэж “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн”, “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэсэн хоёр өгүүлбэрийг зэрэгцүүлэн холбожээ. Энэхүү өгүүлбэрийг “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн болон төрийн хамгаалалтад байна.” гэж найруулж болохгүй. Эдгээр холбох үгсийн үүрэг, агуулга нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдээ тоочих, тодорхойлох, тухайлах, нэрлэх, зэрэгцүүлэн тавих юм. Харин зэрэгцсэн гишүүд нь харилцан бие биеэ тодотгох, эсхүл эсрэг утга агуулгатай байх албагүй бөгөөд “буюу”, “эсхүл”-ээс үүгээрээ ялгаатай.
“Бөгөөд, болоод, хийгээд, болон” холбох үгс нь үйлийн зэрэгцүүлэн холбох “-аад, -ээд, -өөд, -оод, -н” нөхцөлүүдтэй хэвшсэн холбох үгс юм. Үндсэн хуульд “бөгөөд”  15 удаа, “болон” 21 удаа хэрэглэгджээ. Жишээлбэл, Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэжээ. Энэхүү өгүүлбэрт Улсын Их Хурлын гишүүнийг тодорхойлохдоо (1) ард түмний элч, (2) нийт иргэн, улсын ашиг сонирхлыг баримтлагч гэсэн хоёр өөр, өөр хоорондоо холбоогүй холболтын зүйлсийг тоочих, тухайлах замаар “бөгөөд” холбох үгийн тусламжтайгаар нэг өгүүлбэрт багтаажээ. Гэхдээ зэрэгцүүлэн холбож буй учраас Улсын Их Хурлын гишүүний хувьд дээрх хоёр өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийн аль нэгийг илүү чухалчлах ёсгүй юм.
Орчин цагийн монгол хэлний “бөгөөд” гэсэн зэрэгцүүлэн холбох үг нь өгүүлбэрийн эхэнд дурдсан санааг дараачийн хэсэгт гүнзгийрүүлэн лавшруулж бататгах буюу өгүүлбэрийн уг хоёр хэсгийг зэрэгцүүлэн холбох үүргээр[28] хэрэглэгдэнэ. Харин “болоод” хэмээх зэрэгцүүлэн холбох үг нь өгүүлбэрийн нэг төрлийн гишүүдийг холбох үүрэгтэй[29] ба уран зохиолын хэлэнд нэлээд тохиолддог. “Хийгээд” гэсэн зэрэгцүүлэн холбох үг нь мөн өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг холбох үүрэгтэй. Энэ үг нь нэлээд хуучирсан бөгөөд хэрэглээний хувьд мөн хязгаарлагдмал. Орчин үеийн уран зохиол, сонин нийтлэл, шинжлэх ухааны найруулгад ховор боловч тохиолдож, харин албан бичгийн найруулгад хэрэглэхгүй байна.[30] “Болон” зэрэгцүүлэн холбох үг нь өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүдийг зааглах, тэгш эрхтэй болгох үүрэгтэй. Орчин цагийн монгол хэлний “болон” зэрэгцүүлэн холбох үг нь албан бичгийн хэл найруулгад хамгийн түгээмэл бөгөөд найруулгын бусад төрөлд ч хэрэглэгддэг ажээ.[31] Хууль зүйн бичвэрүүд, шүүхийн шийдвэрүүдээс ажиглахад эдгээр холбох үгийг агуулга, утга, зориулалт, үндсэн үүргийн хүрээнд зөв хэрэглэж хэвшсэн байдаг.

 

3. Иргэний хууль дахь зарим холбох үгийн хэрэглээ


Монгол хэлээр санаа бодол, утга тэргүүтнийг зөв илэрхийлэн гаргах аргыг найруулга зүй гэж Я.Цэвэлийн “Монгол хэлний товч толь”-д тодорхойлжээ.[32] Холбох үгсийг зөв хэрэглэх ур чадварт суралцахгүй бол ямар найруулгатай бичиг баримт боловсруулдаг талаар хэл шинжлэлийн доктор, профессор Б.Пүрэв-Очир “...“ба” олшрохлоороо базаахгүй болдог, “эсвэл” ихдэхлээрээ ээдрээтэй болдог, “агаад, ахул” хэтрэхлээрээ утга санаа адармаатай болдог, “хийгээд” олон болохлоороо хөндийдүү болдог, “буюу” давтагдахлаараа будилаантай болдог, “бол, болбол” дэндэхлээрээ болхи ядмаг болдог” гэж нэгэн судалбар эсээндээ тэмдэглэсэн.[33] Тэрээр уг бүтээлдээ “Өдгөө цагийн зарим зохиолчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, оюутан залуус, ер бичиж найруулагч хэн боловч “буюу”-гаар холбон найруулах нэг моодтой болсон, нэг ёсны нялхсын өвчин гэмээр зүйл ажиглагдсаар байгаа.” [34] гэж шүүмжлэлтэй ханджээ.
Профессор Б.Пүрэв-Очир найруулга зүй дэх холбох үгсийн хэрэглээний талаар “...уран сайхны, ярианы, сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний, албан хэргийн, орчуулгын гэх мэт найруулгын төрлүүдэд монгол хэлний жинхэнэ ба үүсмэл холбох үгсийг хэрэглэх, эс хэрэглэх нь логик-хэл зүйн өвөрмөц учир холбогдолтой, хэлийг хэрэглэгчийн туршлага, хандлагын онцлог, найруулах тавилаас нь үлэмж хамаардаг, нарийн зүй тогтол, хэм хэмжээтэй зүйл байдаг.”[35] гэж онцлон тэмдэглэжээ. Холбох үгсийг агуулга, зориулалт, үүрэгтэй нь уялдуулж, зөв, оновчтой хэрэглэхгүй бол алдаа гарч, илэрхийлэл тодорхой бус, ойлгомжгүй болно. Харин энэ алдаа хуулийн бичвэрт тохиолдох ёсгүй.
Иргэний хуулийн 539 дүгээр зүйлийн 539.2 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэжээ. Угтаа, энд “бөгөөд” холбох үгийг хэрэглэх шаардлагагүй юм. Зүй нь “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад харшлаагүй бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж хэлний хэмнэлтийн зарчмаар “бөгөөд” холбох үгийг хасаж найруулж болохоор байна.
Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.3 дахь хэсэгт “Монгол Улсын эрх зүйн хэм хэмжээнд ямарваа нэгэн эрх зүйн харилцааг тодорхойлоогүй, эсхүл түүнийг өөр нэрийн дор ялгаатай агуулгаар тодорхойлсон бөгөөд Монгол Улсын эрх зүйн хэмжээг тайлбарлах аргаар тодорхойлж болохооргүй бол түүний эрх зүйн ангиллыг тогтооход тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно.” гэжээ. Уг хэм хэмжээг түүнд агуулсан холбох үгсийн хувьд товчилбол, “...тодорхойлоогүй, эсхүл ... тодорхойлсон бөгөөд ... тодорхойлж болохооргүй бол ... гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно” гэж уншигдахаар байна.
Энэ тохиолдолд “бөгөөд” холбох үгийг хэрэглэх шаардлагагүй байна. “Бөгөөд” нь ижилхэн шинж чанар бүхий зэрэгцсэн өгүүлбэр болон гишүүдийг тоочих, тухайлах зориулалттай. Гэтэл “бөгөөд”-ийн урд, хойно байгаа зэрэгцсэн өгүүлбэр нь “тодорхойлсон”, “тодорхойлж болохооргүй” гэсэн хоёр өөр, эсрэг  агуулгатай байна. Энэ тохиолдолд, тодорхойлсон ч, тодорхойлж болохооргүй байсан ч “гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно” гэсэн нэг л утга, агуулга байгаа учраас уг хуулийн заалтыг “...тодорхойлоогүй, эсхүл ... тодорхойлсон, ... тодорхойлж болохооргүй бол ... гадаад улсын эрх зүйн хэм хэмжээг харгалзаж болно” гэж уншвал илүү ойлгомжтой болно.
Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.2 дахь хэсэгт “Гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор шүүх, арбитр нь зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсэж, тогтоосон журмын дагуу Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсад буюу хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандах буюу мэргэжилтэн урьж болно.” гэжээ. Энд “буюу” холбох үгийг хоёр удаа алдаатай хэрэглэсэн байна. Уг заалтын утга  нь гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох (тухайлбал, Монгол хэл рүү орчуулан хөрвүүлэх) зорилгоор шүүхэд зохих дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүднээс (1) Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, (2) Монгол Улсад байгаа, (3) хилийн чанадад байгаа эрх бүхий байгууллагад тус тус хандаж, мэргэжилтний туслалцаа авах асуудлыг журамлажээ. Гэтэл “Монгол Улсад” гэсэн үгийг тэс өөр, эсрэг агуулгатай “хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллага” гэсэн үг хэллэгтэй “буюу” холбох үгээр найруулсан нь буруу юм. Тэгэхээр эхний “буюу”-ийн оронд “эсхүл” холбох үгийг хэрэглэж, харин уг заалтын “...байгууллагад хандах” гэсний дараах “буюу” холбох үгийг хэрэглэх шаардлагагүй. Уг өгүүлбэрийг “Шүүх, арбитр нь тогтоосон журмын дагуу гадаад улсын хуулийн хэм хэмжээний агуулгыг тогтоох зорилгоор Монгол Улсын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсад, эсхүл хилийн чанадад байгаа бусад эрх бүхий байгууллагад хандаж зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх, тайлбар хийхийг хүсэх юм уу эсхүл мэргэжилтэн урьж болно.” гэж найруулбал, гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох тухай утга санаа энгийн хийгээд бүрэн илэрхийлэгдэж байна.

 

Дүгнэлт, санал


Хууль санаачлагч, хууль тогтоогчоос хуулийн эх бичвэрт орчин цагийн монгол хэлний холбох үгсийг зөв сонгож, зохистой найруулан хэрэглэх, түүнчлэн хуульчид хууль зүйн бичвэрт хэрэглэдэг холбох үгсийг хэл шинжлэлийн үүднээс зөв ойлгож, тайлбарлахын тулд тэдгээрийн утга, үүрэг зориулалт, хэл зүй, өгүүлбэр зүйн онцлогийг нь нарийн ялган судалж, танин мэдэх шаардлагатай.
Хууль тогтоомжийг бүтээх, шүүхийн шийдвэрийг боловсруулах үйл ажиллагааны стандартыг хэл шинжлэлийн үүднээс улам боловсронгуй болгож, хууль зүйн техник буюу хууль зүйн хэлний дүрэм, нэгдсэн стандартыг боловсруулах, ялангуяа хууль зүйн бичвэр дэх таслал болон зарим холбох үгийн хэрэглээг хууль зүйн утга, үүрэг талаас нь жигдлэх, нэг мөр болгох нь даруй шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг болж байна. Үүний тулд хууль зүйн хэл шинжлэлийн судалгааг хөгжүүлэх, улмаар шүүхийн хэл шинжлэлийн салбар судлагдахууныг бий болгох хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Хууль санаачлагчаас хууль зүйн эх бичвэрийн төсөл боловсруулах, түүнчлэн хууль тогтоох үйл явцад хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, эрдэмтдийн зайлшгүй оролцоог улам боловсронгуй болгон хуульчилж, боловсруулсан хуулийн төсөл нь хэл зүй, найруулга зүйн хувьд зөв, оновчтой эсэх талаар хэл судлаач, мэргэжилтнүүдээр (хууль тогтоомж батлагдахаас өмнө) урьдчилан дүгнэлт гаргуулж, хуулийн төсөлд тусгаж байх нь зүйтэй.
           

-оОо-

Ашигласан эх сурвалжууд:


1. Б.Пүрэв-Очир, Судалбар эсээнүүд (Улаанбаатарт, “Мөнхийн үсэг” ХХК, 2013 он),
2. Б.Пүрэв-Очир болон УБИС-ийн Монгол хэлний танхим, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй (Улаанбаатарт, “Мөнхийн үсэг” ХХК, 2001 он),
3. Ц.Өнөрбаян, Орчин цагийн монгол хэлний үг зүй (Улаанбаатарт, “Есөн-Эрдэнэ” ХХК, 1994 он),
4. Д.Бадамдорж, Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс (Улаанбаатарт, “Сүхбаатар” ХХК, 1997 он)
5. Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, (Улаанбаатарт, 2014 он, Хэл бичгийн ухааны докторын (PH.D) зэрэг горилсон бүтээл),
6. Н.Лүндэндорж, Jurisprudence “Эрх зүй судлал: Философи, онол” (Улаанбаатарт, “Мөнхийн үсэг” ХХК, 2011 он),
7. “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, (Санаачлагч МУИС-ийн ХЗС, Улаанбаатарт, 2016 он),
8. Судлаач М.Саруул-Эрдэнэтэй цахим сүлжээгээр хийсэн ярилцлагын тэмдэглэлээс, 2017.11.21-ний өдөр.
9. Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он,
10. Иргэний хууль, 2002 он,
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он,
12. 2002, 2015 оны Эрүүгийн хуулиуд,
13. Шүүхийн шийдвэрийн цахим сан, www.shuukh.mn цахим хуудас.

 


[*] “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2020 оны №4-т нийтлэгдсэн. Эх сурвалж: http://www.judinstitute.mn/main/250--2020-iv-.html

[2] http://worldjusticeproject.org цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

[3] Н.Лүндэндорж, Jurisprudence “Эрх зүй судлал: Философи, онол”, Улаанбаатар, 2011 он, 147-148 дахь тал.

[4] Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[5] Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэг.

[6] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001 он, 20 дахь тал.

[7] Мөн тэнд.

[8] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй,  Улаанбаатар, 2001 он, 21 дэх тал.

[9] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй,  Улаанбаатар, 2001 он, 25 дахь тал.

[10] Мөн тэнд.

[11] Ашигласан эх сурвалжуудаас харна уу.

[12] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001 он, 20 дахь тал.

[13] http://erhkzui.blogspot.com/, “Хууль зүйн техник: ойлголт, зорилго, төрөл”, 2020.11.01.-ний өдөр ишлэв.

[14] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014 он, 71 дэх тал.

[15] Мөн бүтээлийн 176 дугаар тал.

[16] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014 он, 69 дэх тал.

[17] Ц.Өнөрбаян, Орчин цагийн монгол хэлний үг зүй, Улаанбаатар, 1994 он, 219 дэх тал.

[18] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 115 дахь тал.

[19] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001 он, 35 дахь тал.

[20] Шүүхийн практикт энэ утга, агуулгаар хэрэглэдгийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас ажиглаж болно.

[21] Судлаач М.Саруул-Эрдэнэтэй цахим сүлжээгээр хийсэн ярилцлагын тэмдэглэлээс, 2017.11.21-ний өдөр.

[22] Б.Пүрэв-Очир, УБИС, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001 он, 40 дэх тал.

[23] Б.Пүрэв-Очир, УБИС, Монгол хэлний танхим, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001 он, 41 дэх тал.

[24] Мөн тэнд.

[25] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 122 дахь тал.

[26] Б.Пүрэв-Очир, УБИС, Монгол хэлний танхим, Орчин цагийн монгол хэлний өгүүлбэр зүй, Улаанбаатар, 2001, 45 дахь тал.

[27] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 119 дахь тал. 

[28] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 119 дахь тал.

[29] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 117 дахь тал.

[30] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 118 дахь тал.

[31] Н.Мөнхцэцэг, Орчин цагийн монгол хэлний туслах үгийн тогтолцоо, утга, үүрэг, хэрэглээ, Улаанбаатар, 2014, 117 дахь тал.

[32] http://tsevel.toli.query.mn, Я.Цэвэл, Монгол хэлний товч толь номын цахим хувилбар, 2020.11.08.-ны өдөр ишлэв.

[33] Б.Пүрэв-Очир, Судалбар эсээнүүд, Улаанбаатар, 2013 он, 114-115 дахь тал.

[34] Мөн тэнд.

[35] Б.Пүрэв-Очир, Судалбар эсээнүүд, Улаанбаатарт, 2013 он, 114 дэх тал.

бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax