40378 дахь зочин!
avatar

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ МЭДЭХ ЭРХ

2021-03-15,18:27
Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх[1]
 
Солтанмуратын ӨМИРБЕК
(Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч,
Хууль зүйн ухааны магистр)

Энэхүү өгүүллийн хүрээнд  шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрхийн агуулгыг тодорхойлж, улмаар уг эрхийг хангах үүднээс шүүхийн шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулах талаар авч үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл, уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхийг баталгаатай эдлэх эрхтэй гэж, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” нь шүүхийн эрхэм зорилго хэмээн тодорхойлжээ.
Хүний эрх гэдэг ойлголт нь түгээмэл, хуваагдашгүй, харилцан хамаарал бүхий салшгүй[2] цогц шинжтэй бөгөөд шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх нь эдгээр шинжийг агуулах ба бусад үндсэн эрхүүдтэй уялдаатай хэрэгждэг. Хүний эрхийн заалтуудыг шүүхээс хэрэглэж шийдвэр гаргаснаар хүний үндсэн эрх баталгаажиж[3], улмаар шүүхийн эрхэм зорилго хангагдана.

Шударга шүүхээр шүүлгэх эрхийн стандарт нь нарийн дэг журамд үндэслэгдэн, үндэсний болоод олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг. Тухайлбал, хүний үндсэн эрхийн наад захын стандартыг тусгасан НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III тогтоолоор батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал (ХЭТТ), 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200А/XXI тогтоолоор батлагдаж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИУТЭП)-д шударга шүүхээр шүүлгэх эрхийн заалтууд хэрхэн тусгагдсан талаар авч үзье.[4] ХЭТТ-ын 7, 10 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, “...хараат бус, тал хардаггүй шүүхээр ... шүүлгэх эрхтэй.” гэж зааснаас үзвэл, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн агуулга нь иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй, алагчилдаггүй, тал засдаггүй шүүхээр эрхээ хамгаалуулах тухай юм. Иргэддээ ялгавартай ханддаг, нэг хэсэг нь шүүхээр эрхээ хамгаалуулж, нөгөө хэсэгт нь тийм боломж олддоггүйн улмаас асуудлаа шийдвэрлүүлж чаддаггүй, шүүх асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандаж маргааныг шийдвэрлэдэггүй тохиолдолд иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх хангагдах боломжгүй.

ХЭТТ-ын дээрх заалтын агуулгыг ИУТП-ын 14 дүгээр зүйлд нарийвчлан тусгахдаа нээлттэй, шударга шүүхээр шүүлгэх эрх, гэм буруугүйд тооцогдох зарчим, хүн бүр өөрт холбогдох асуудлаа шүүхэд хянан шийдвэрлүүлэх наад захын стандартыг тодорхойлжээ. Эрх мэдэл бүхий, бие даасан, хараат бус, Үндсэн хуулийн дагуу, хуулиар байгуулагдсан шүүх нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн баталгаа болно. Иргэдийн шүүхэд мэдүүлэх замаар зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах эрх нь шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн үндэс юм. Талуудын тэгш байдлыг хангах, нээлттэй шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлэх зарчмууд нь энэ эрхийн агуулгад хамаарна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид тэгш эрх, үүрэгтэй оролцох, тэдгээрт мэтгэлцэх боломж олгох, нотлох баримт гаргах боломжийг алагчилахгүй, нээлттэй олгох, шүүх зөвхөн талуудаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх, шүүхэд гаргасан шаардлагын талаар тайлбар гаргах эрх нь гагцхүү талуудад байх зэрэг тэгш байдлын суурь зарчмууд хэрэгжих учиртай.
Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх нь хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх[5] эрхтэй холбоотой хэрэгжинэ. Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ хүний эрхийн заалтыг тайлбарлаж, хэрэглэснээр иргэдийн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх хангагдах юм.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т зааснаар иргэд (1) Монгол Улсын хуулиас гадна (2) олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй тул шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх үндсэн эрхийнхээ дагуу өөрийн улсын хууль тогтоомжоос гадна олон улсын гэрээнд заасан ямар эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн талаар мэдэх эрхтэй юм. Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2.-т зааснаар Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 3.-т Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэхээр заасан байх тул шүүхээс Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийн заалтыг хэрэглэх бүрэн боломжтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь маргааны үйл баримтыг тодорхойлох, тухайн маргаантай харилцаанд тохирох эрх зүйн хэм хэмжээг олж сонгох, улмаар тайлбарлах замаар хэрэглэх зэрэг хууль зүйн нарийн дүн шинжилгээ бүхий дүгнэлт байхаас гадна маргалдагч талуудад зориулагдаж[6], ойлгомжтой байдлаар бичигдсэн байх ёстой. Ийм учраас “The World Justice project”[7] байгууллагаас жил бүр эрх зүйд захирагдах ёс (Rule of Law)-ны индексийг гаргахдаа аливаа хэм хэмжээ тогтоосон эх сурвалж “тодорхой байх”, “олон нийтэд ойлгомжтой байх” зэргийг шалгуур[8] болгодог нь тохиолдлын хэрэг биш юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрхийн хэрэгжилтийг тодорхой жишээн дээр авч үзье. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол давж заалдах шатны шүүхийн магадлалаар[9] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168, 167.1.5.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаадаг. Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ноцтой зөрчил гаргасан, хуульд заасан ямар журам зөрчсөн талаар заадаг. Харин анхан шатны шүүх эдгээр зөрчлийг гаргаснаар хэргийн оролцогчийн ямар үндсэн эрх зөрчигдсөн талаарх дүгнэлт давж заалдах шатны шүүхийн магадлалд төдийлөн хийгдэхгүй байна. Магадлалын үндэслэлд хэргийн оролцогчийн үндсэн эрхийг тайлбарлахгүйгээр зөвхөн процессийн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх хэрхэн зөрчсөн талаар дүгнэж бичиж байгаа нь хэргийн оролцогчдын хувьд шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй байх нөхцлийг үүсгэдэг.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалаар[10] анхан шатны шүүхийн шийдвэрийг “нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.2.-т заасан “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” журмыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх дүгнэхээс гадна нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т заасан “хууль зүйн туслалцаа авах”, ИУТЭП-ын 14 дүгээр зүйлийн 3.-т заасан “сонгож авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх” үндсэн эрхийн заалтын агуулгыг анхан шатны шүүхийн гаргасан процессийн зөрчилтэй холбон тайлбарлах, шүүхээс  нэхэмжлэгчийн уг эрхийг зөрчсөний улмаас шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, эсрэг талтай мэтгэлцэх, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох,  шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг үндсэн эрхүүд зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулснаар хэргийн оролцогчийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх хангагдах юм.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд бий болсон шүүгчийн оюуны  дүгнэлт бүхий шүүхийн шийдвэр (judgment)[11] нь хувь шүүгчийн бодол биш, харин хуулийн засаглалыг хэрэгжүүлж, маргааны үйл баримтад хүний эрхийн заалтыг хэрэглэж хийгддэг магадлагаа байдгаараа онцлогтой. Шүүхийн шийдвэр нь шүүгч өөрөө хуульд захирагддагийн нотолгоо юм. Шийдвэрийн үндэслэлд маргалдагч талуудын ямар үндсэн эрх зөрчигдсөн, эсхүл хамгаалагдсан талаар тайлбарлаж бичих нь талуудыг хүний ёсоор хүндэтгэж тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүргийг нь таниулах замаар хүний эрхэм чанарыг дээдлэх давхар агуулгыг илэрхийлнэ.

Шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд шүүгчийн асуудалд хандаж буй хувь хүний үзэмж, үнэлэмж огтоос чухал биш, харин Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөний хэмжүүрийг мэдэх, хүлээн зөвшөөрөх, эсхүл шүүхийн шийдвэрт гомдол гаргах эсэх нь чухал бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх үндсэн эрхийн агуулгыг тодорхойлно. Шүүхийн тухай хуулийн 4.1.4.-т заасан “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх” нь шүүхийн эрхэм зорилго учраас Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрхийн заалтуудаас гадна иргэдийн олон улсын гэрээнд заасан үндсэн эрхийн заалтыг тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулснаар маргааны талуудад хүний эрхийг таниулах ач холбогдолтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.1.-т “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.”, 121.1.-т “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно.” гэж заасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрхийн агуулгыг тодорхойлох заалтууд юм.

Хүний эрхэд суурилсан хандлага нь хүн бүрт хүний эрхийг бүрэн эдлэх боломжийг олгох зорилготой, үндэсний хууль тогтоомжид тусгагдсанаас гадна Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрхийн заалт, суурь зарчмыг хэрэглэдэг үйл явц[12] юм. Хэргийн оролцогчийн хувьд маргааны үйл баримттай холбоотой аливаа эрхүүд нь гагцхүү үндэсний хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрсөн эрхүүдээр хязгаарлагдахгүйг шүүх үргэлж анхаарах ёстой. Шүүхийн шийдвэрт олон улсын хэм хэмжээ, эрх зүйн нийтлэг зарчим, хүний эрхийн заалтууд хэрэглэгдэж байна уу?
Энэ асуултад судлаачид шүүмжлэлтэй ханддаг ба шүүхийн шийдвэрийн цахим сангийн[13] эрх зүйн маргааны төрлөөр нь ангилсан хайлтын үр дүн[14] болон Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрүүдийн эмхэтгэлд[15] (2015 он) хэвлэгдсэн иргэний хэргийн шийдвэрүүдээс үзвэл Хүүхдийн эрхийн конвенцийг хэрэглэсэн 1 тохиолдол байна. Энэ нь шүүхийн шийдвэрт Монгол Улсын олон улсын гэрээний хүний эрхийн заалтыг тайлбарлан хэрэглэх хандлага сул байгааг илэрхийлнэ.

Шүүхийн шийдвэрт олон улсын гэрээний заалтыг хэрэглэхгүй байгаа шалтгааныг (1) шүүгчийн ажлын ачааллаас хамаарч тэдгээрийг судлах цаг гардаггүй[16], (2) хүний эрхийн заалт, олон улсын гэрээг хэрэглэх хандлага сул, (3) шийдвэрийн үндэслэлд маргааны үйл баримтыг тодорхойлох асуудлыг илүү чухалчилдаг, (4) хэрэглэгдэх олон улсын эрх зүйн баримт бичгийн цар хүрээ тодорхой биш зэргээр тодорхойлж болох юм. Сүүлийн жилүүдэд шүүгчдэд хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын талаар сургалт тогтмол явагджээ.  Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы хамтын ажиллагааны Олон улсын нийгэмлэг (GIZ)-ийн шугамаар, олон жилийн турш бэлтгэгдсэн, туршлагатай шүүгч-багш нараар удирдуулсан иргэний эрх зүйн сургалт “хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр тогтмол, үр дүнтэй явагдаж байна.
Харин хүний эрхийн заалтын хэрэглээний талаар буюу шүүхийн шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулах чиглэлээр сургалт явагдаагүй байсан бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтын хөтөлбөрийн[17] агуулгад хүний эрхэд суурилсан хандлагын талаар оруулсан нь сайшаалтай.

Монгол Улсын олон улсын гэрээний “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон түүний тусгай дугаарт хэвлэгдсэн байдал, сэтгүүлд хэвлэгдээгүй буюу Монгол хэлэнд албан ёсоор орчуулагдаагүй гэрээнүүдийн судалгаанаас[18] үзвэл, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Монгол Улсын Олон улсын гэрээний тоо 274 байгаагаас “Төрийн мэдээлэл” сэтгүүлд бүрэн эхээрээ хэвлэгдсэн нь 10, тус сэтгүүлийн тусгай дугаарт бүрэн эхээрээ хэвлэгдсэн нь 121, сэтгүүлд хэвлэгдээгүй 143 олон улсын гэрээ байна. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээгүй 143 гэрээний 90 нь Монгол хэлэнд орчуулагдаагүй, 53 нь орчуулагдсан байна. Шүүхээс гагцхүү албан ёсоор нийтлэгдсэн хууль, олон улсын гэрээг хэрэглэх боломжтой тул хэрэглэгдэх эх сурвалжийн цар хүрээг тодорхой болгох, ангилах шаардлага гарч байна.

Дүгнэвэл, шүүхийн шийдвэрийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулснаар иргэдийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх эрх хангагдаж, шүүхийн шийдвэрийн үр нөлөө дээшлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой.

 
-оОо-
 

[1] “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2016 оны №3-т нийтлэгдсэн.
[2] Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-2” төсөл, “Хүний эрхэд суурилсан хандлага” (УБ, 2015), 19.

[3] О.Мөнхсайхан, Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь” лекц, (ННФ, ХЭҮК хамтарсан цуврал лекц22), https://www.youtube.com/watch?v=7_Jbo4MAQFg, 2016.4.01.-нд үзсэн.

[4] “Төрийн мэдээлэл” сэтгүүл, Тусгай дугаар, Боть-1 (УБ, 2004), 5-316. (Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр элссэн цагаас дагаж мөрдөх, хэрэглэх, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бол Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад нэгдэхээр 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан, тус пактын нэмэлт I протоколд 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэгдэн оржээ)
[5] Munkhsaikhan Odonkhuu, Chapter 4 Constitutional Interpretation: 4.1. Reasoned judgment and constitutional interpretationin “Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation”, (Nagoya University CALE Books 4), 113. http://cale.law.nagoya-u.ac.jp/_userdata/CALEBOOK%204.pdf 2016.04.29.
[6] Й.Кают, Монгол Улсын шинэ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй: Шүүхийн шийдвэр тогтоол бичих арга, техник, гарын авлага, (УБ, 2015 он), 62.
[8] Н.Лүндэндорж, “Jurisprudence, Эрх зүй судлал: Философи, онол” (УБ, 2011), 147-148.
[9] Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан иргэний хэргүүдийн судалгаа-2015. Хавсралт-1, 
https://drive.google.com/file/d/0By9-zydyQHxkd2Ruemt2cjdwN0E/view
[10] Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын судалгаа. Хавсралт-2.
https://drive.google.com/file/d/0By9-zydyQHxkTnFucmI5T241cGc/view?usp=sharing
[11] О.Мөнхсайхан, “Хүний эрхийн заалтыг тайлбарлах нь” лекц, (ННФ, ХЭҮК хамтарсан цуврал лекц 22), https://www.youtube.com/watch?v=7_Jbo4MAQFg, 2016.4.01.-нд үзсэн.
[12] Олон улсын хүний эрхийн сүлжээ, “Хүний эрхэд суурилсан хандлага-танилцуулга”, (УБ, 2013), 3, www.bichiluurhai.mn, Бичил уурхайн мэдээллийн үндэсний сүлжээ цахим хуудас, 2016.4.05-нд үзсэн, http://bichiluurhai.mn/en/news-ads/137-2014-02-21-01-55-31.html
[14] Тус мэдээллийн санд нэвтэрч, анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг /2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш/ маргааны төрлөөр нь ангилахдаа “Монгол Улсын Олон улсын гэрээгээр” гэх ангилалыг сонговол 1 шийдвэр гарч ирнэ. Уг шийдвэрийг татаж авах болможгүй учраас судалгааны эх сурвалж болгох боломжгүй байв. 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг дээрх ангиллаар шүүж үзэхэд, иргэний хэргийн 2 шийдвэр гарч ирсэн боловч тэдгээр шийдвэрүүдэд олон улсын гэрээ хэрэглэгдээгүй, ангиллыг буруу тодорхойлж мэдээллийн санд оруулсан байв.
[15] Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл, “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрүүдийн эмхэтгэл-2015” (УБ, 2015), 249-386.
[16] Шүүхийн шийдвэрийг бичиж, бэлэн болгох хуулиар тогтоосон 7 хоногийн хугацаа нь хангалттай биш, энэ хугацаанд бичих шийдвэрийн тооноос хамаарч шүүгчдийн ачаалал нэмэгддэг.
[17] “Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” хөтөлбөр, judcouncil.mn, 2015.04.21.-нд үзсэн, http://www.judcouncil.mn/main/3388--.html
[18] Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын гэрээний газрын 2016.02.24-ний өдрийн 09/1137 дугаар албан бичигээр ирүүлсэн судалгаа.
бичсэн: Umirbyek Sultanmurat төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax